Хуучин номоор урласан хүний биеийн бүтэц
“Энэ бүтээлээ би Японы улаан цаасан хуйлмалын ирмэгийг алтаж хийснээрээ онцгой” хэмээн зураач бүсгүй Лиза Нилссон өөрийн бүтээлээ тайлбарлажээ. Цаасан хуйлмал урлал буюу quilling, мөн цаасыг усан хээ маягийн нарийн хээнүүдийг оруулж хүний биеийн бүтцийг харуулахыг зорьсон байна. Quilling хэмээн дэлхий даяар нэрлэгддэг цаасан хуйлмал урлал Сэргэн мандалтын үеэс эхтэй. XVIII зууны үед сүмийн гэлэнмаа, лам нар чөлөөт цагаараа Ариун Библийн ирмэгийг алтдаж суудаг байсан бол язгууртан хатагтай нар цаасан хуйлмал хийн өдрийг өнгөрүүлдэг байсан гэдэг.
Зураач Лиза Нилссон хүний биеийн дотоод бүтцийг хөндлөн маягаар үзүүлэхэд хуучин номны шарласан хуудсуудыг ашиглажээ. Гайхалтай өндөр нарийвчлал, булчин, шөрмөс, яс, арьс гээд хүний биеийн дотоод бүтцийг нягт нямбай, нарийн гүйцэтгэлтэйгээр урласан Лизагийн бүтээл бүхэлдээ хуучин номны хуудсанд шинэ амьдрал бэлэглэсэнтэй үйл болжээ. Хүний биеийн бүтцийг хөндлөн огтлолоор нь харуулсан компьютер график, хуванцар зэргээр хийсэн үзүүлэн олон байдаг.
Лиза Ниссоны хувьд өөрийнх нь бүтээлүүд анатомийн хувьд үнэн зөв байхад их анхаардаг төдийгүй бодит байдлыг яг таг тусгасан байхад нь дуртай. “Тархины хөндийг дүрслэхдээ тоорын өнгө оруулсан хуудсуудыг ашигласан” гэж Canis lupus familiaris төрлийн амьтны буюу нохойн тархины хөндлөн огтлолыг хийсэн талаараа Лиза Нилссон тайлбарлажээ. Мөн тэрээр “Нохойн тархийг дүрсэлсэн цаасан хуйлмал нь жинхэнэ тархинаасаа дөч дахин том хэмжээтэйгээр дүрслэгдсэн. Нохой нь аливаа зүйлийг үнэрлэх чадвараараа хүнээс нэг сая нэг зуун дахин илүү” хэмээн нэмэн тайлбарлажээ.
Нягт нямбай хуйлмалууд, өнгө будгийг яг жинхэнэ эхтэй нь адил болгосон нь Лизагийн цаасан хуйлмалын онцлог юм. Ихэнх бүсгүйчүүд, урчуудын хийдэг шигээр цаасан хуйлмалаар цэцэг навч, энгийн хээ урлах биш хүний болон амьтны биеийн хөндлөн огтлолыг хийсэн нь түүнээс урт удаан хугацааны тэвчээртэй сууж ажиллах чадвар, анатомийн нарийн судлал шаардсан нь эргэлзээгүй.
Хуучин номны хуудсууд өнгө будганд орж, хуйлагдан, зарим нь нугламал болон хээ үүсгэж яс, арьс, мах, булчин болон хувирчээ. Лиза Нилссоны дээр дурьдсан бүтээлүүдийг харсан хэнд ч түүний авьяаснаас гадна тэвчээртэй, уйгагүй зан нь илт анзаарагдах бизээ.
No comments:
Post a Comment